Tuesday, November 27, 2012

Реппер Цэцэ - "Нийслэл хүү" тоглолт

Vanquish хамтлагийг үүсгэн байгуулагч  реппер Цэцэ энэ сарын 30-нд “АСА” циркт “Нийслэл хүү” тоглолтоо хийх гэж байна.Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "ХАС медиа агентлаг", "Fashion Channel" ажиллаж байгаа бөгөөд хоёр цаг үргэлжлэх энэ тоглолтонд “Vanquish”, “Opozit”, “Бэрд”, “Punk&Rap” хамтлаг, DJ Chin, дуучин BХ оролцох ажээ. Тоглолтдоо тэрээр олон шинэ дуугаар бэлэг барихын зэрэгцээ “Миний пүүз”, “Байрны ах”, “Бөртэ Үжин” зэрэг хит дуунуудаа дуулах юм байна.



Реппер Цэцэ "Нийслэл хүү" нэртэй цомог гаргаж, нэвтрүүлэг хийж байсан “Vanguish” хамтлагийн реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцэ энэ удаад “Нийслэл хүү” нэрээрээ клуб байгуулжээ. “Нийслэл хүү” клуб нь залуус руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж, нийслэл хотоо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм байна.
Танилцуулга
Цэцэгийн тухай товч танилцуулахад, 2004 онд “Vanquish” хамтлагийг байгуулж залуусыг байлдан дагуулсан “Excel” дууг гаргаж, 2008 онд “Hood” дуугаа сонсогчдод хүргэж байв. 2010 онд “Vanquish” хамтлагийн анхны “Юу байна, Түвээнэ” тоглолтоо "Open air"-т хийж, 5000 гаруй үзэгчийг нэг дор цуглуулж чадсан. 2008 оноос Америк улсад сурч, амьдарч байхдаа өөрийн бие даасан уран бүтээлээ эхлүүлсэн. 

“Миний пүүз” дуугаараа залуусыг байлдан дагуулж анхны бие даасан "220" нэртэй цомгоо гаргасан. Үүнээс хойш буюу 2009 онд “Халзан толгой, хоёр соёо”, “2012”, 2011 онд “Нийслэл хүү” цомгоо тус тус гаргасан. 
Эдгээр цомгууд нь “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтад бүгд багтаж байсан бөгөөд үүнээс “2012” цомгийн бүх орлогыг хүүхдийн асрамжын газарт хандивлаж байсан юм. 
Харин түүний хүртсэн томоохон шагналуудыг нэрлэвэл, 2008 онд “Миний пүүз” “MONGOLIAN MUSIC VIDEO AWARDS” наадмын олны таашаалд нийцсэн клип, 2010 онд “Diss to 76” дуугаараа “MONGOLIAN MUSIC VIDEO AWARDS” шилдэг хип хоп клип шагналыг хүртэж байжээ. 

Түүний тун удахгүй хийх гэж байгаа нийслэл Улаанбаатар хотынхоо залууст зориулсан монгол хип хоп үдэш буюу “Нийслэл хүү” тоглолтын тасалбар 15.000, 25.000 гэсэн хоёр төрлийн үнэтэй ажээ. Харин энэ тоглолтынхоо дараа тэрээр “Бороонд норсон бор туулай” нэртэй 15 дуутай шинэ цомгоо худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Түүний залуустаа хүргэх дараагийн шинэ клип нь реппер Дандий, залуу дуучин Халиут нартай хамтран туурвисан “Цааш нь” нэртэй дуу юм байна.

Татах бол ЭНД дарна уу ! 


Эх сурвалж : Хайсан Бүхнээ Эндээс - Сэтгэ.мн

No comments:

Post a Comment